2010-08-11

Оюутнуудаа хичээл эхэллээ (Зассан)

Оюутнуудаа бүгдээрээ сайхан амарсан уу? Би сайхан амарлаа. Зун ч сайхан өнгөрлөө.

За тэгэхээр та хэдэд сургалтын төлбөр болон хичээл хэзээ эхлэх талаар зарим нэг мэдээлэл өгөх гэсэн юмаа.

Сургалтын төлбөр
1, 2-р курсын оюутнууд: Нэг кредит нь 37100 төгрөг
3 ба түүнээс дээш курс нь: Нэг кредит нь 35950 төгрөг

Дотуур байрны төлбөр
Нэг сар нь 20000 төгрөг

Хичээл сонголт: 2010 оны 8 дугаар сарын 23-наас эхлэн вэбээр хийнэ, хичээл 2010 оны 8 дугаар сарын 30-нд эхэлнэ.

Шинэ оюутны бүртгэл 2010 оны 8 дугаар сарын 18-наас тус тус эхлэх юм байна.

Бүгдэд нь амжилт хүсье.

2010-06-24

Дадлага хийж байгаа оюутнуудын анхааралд

Мэдээллийн системийн менежмент мэргэжлийн дадлага хийж байгаа нийт оюутнууд анхаарлаа нааш нь хандуулна уу!!!
2010 оны 06-р сарын 28-ны ДАВАА гарагт 14.00 цаг хүртэл дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн ирж уулзана уу. Уулзалтанд ирээгүй тохиолдолд шууд W үнэлгээ тавих болно.
  1. Төлбөр төлсөн баримт
  2. Дадлагын удирдамж (байгууллагын удирдагчаар баталгаажсан)
  3. Дадлагын гэрээ
  4. График төлөвлөгөө

Хүндэтгэсэн. Магистр О.Мөнхзул

2010-05-25

Зуны даалгавар

Мэдээллийн системийн менежментийн 1, 2, 3-р курсын оюутнууд зуны амралтаараа дараах сэдвүүдийг судалсан байна.

1-р курс

  1. Database design
  2. Database management systems
  3. Java (туршиж үзэх)
  4. English language
2, 3-р курс

  1. New Information technologies
  2. SaaS (Software as a Service)
  3. Service oriented architectures
  4. Business Process Management (BPM Initiative)
  5. Data management
  6. Business Intelligence (Master Data Management)
  7. Data warehouse , Data mining
  8. Data migration
  9. Data storage devices (RAID, File& content solutions, virtual tape and virtualization)
  10. Optimize Information management strategy

Татах материалууд:

2010-05-17

Ажлын анхны гарааг бэлэглэсэн та нартаа баярлалаа

2008 оны 8-р сарын 25-ны тэр өдрийг би ерөөс мартдаггүй юм. Учир нь ажилдаа орсон анхны өдөр, анх багшийн ширээний ард сууж анх та нартайгаа танилцаж билээ. Тэр өдөр Ганбат багш маань хичээл орох байсан ч шалтгааны улмаас ороогүй би орлож та нартай танилцаж байсан. Тэр үед ямар ч заавар зөвлөгөө авалгүй шууд л үзэг цаас бариад 402 тоот анги руу яваад очсон. Тэгээд ширээгээ тулж зогсож байгаад намайг тэр гэдэг гээд л өөрийгөө танилцуулж хэлсэн юмдаг. Яг энэ үед гар минь салганаж, хоолой чичирч, нүүр рүү халуу дүйгээд их л сандарч билээ. Одоо бодоход өөрийгөө танилцуулахад юунд нь тэгтлээ сандардаг байнаа...
За одоо сэтгэлд тод үлдсэн анхны гэх дурсамжуудаа бичье.
Анх загнасан оюутан Б.Ундрал (114)
Тэр үед Ундрал маань анхны хүүхдээ гэдсэндээ тээчихсэн байж билээ. Надтай уулзаад багшаа би 1 сарын чөлөө авах гэсэн юм гээд л ирлээ. Шинэхэн бас юугаа ч мэдэхгүй би аймар уурлаад л юугаа хийж хичээл сонгосын... Нэг мөсөн чөлөө авахгүй энэ тэр гээд л загнаж гарсан. Загнасан учир нь алга байж байгаад ирээд хичээл дээрээ унана гэж бодоод дараа нь бөөн асуудал болно гэж бодсных.
Анх бэлэг өгсөн оюутан Мөнгөнцэцэг
Мөнгөнцэцэг маань тэр үед ажил хийдэг. Надаас багшаа би ажил хийдэг. 14 хоног хотод 14 хоног хөдөө байдаг. Хичээлээ яах вэ гээд л... Би чинь юугаа ч мэдэхгүй шинэхэн багш Ганбат багшид хэлээд Мөнгөнцэцэг надаас болж загнуулсан байхаа. За нээх удалгүй Солонгос руу явахаар боллоо гээд бас л чөлөө авч билээ. Хэд ч хонолоо доо бүү мэд. Нэг мэдэхэд ирчихсэн хичээлдээ сууж байсан юмдаг. Хичээл завсарласны дараа ангид (311) үлдээд багшаа май энэ солонгос архи гээд 1 жижиг шилтэй юм өгч билээ. Миний сандарсанг яанаа... Нөгөөдөхөө нууж ядан өрөөндөө ирээд гэртээ аймар хурдан ирж билээ. Нөгөөх нь архи биш вино байсан хэхэ
Анх загнуулсан оюутан Цэрмаа
Ашгүй 1 улирал дуусч дүн гарч хичээл амарлаа. Дүн гараад маргааш өглөө нь бямба гарагт гэртээ амарч байтал утас дугарлаа. Танихгүй дугаараас багшаа би Цэрмаа байна гэж ирээд намайг загнаж гарлаа. Та дүн нэмсэнгүй гээд л... Би учрыг нь тайлбарлаж хэлтэл дүн гаргах эрх танд байдаг биздээ гэхээр нь сандарсандаа заза өөр ярих юм байхгүй бол баяртай гээд утсаа их хурдан тасалж билээ. Одоо бодоход Цэрмаагийн зоригтой миний аймхайг хэхэ
За тэгээд энэ мэтчилэн зөндөө дурсамж байгаа шүү... Анх хичээл орсон оюутнууд маань та нар байсан болохоор та нартаа их баярладаг гэдгээ энэ бичлэгээрээ дамжуулаад хэлье.
Одоо бүгдээрээ амьдралын 1 босго алхаад ажилчин анги руу орлоо доо. Оюутан насны сайхан дурсамжуудаа бүү мартаарай...
Зовсон, ядарсан үедээ дурсан санаж, муу багшийнхаа хөгтэй явдлуудыг ярьж инээн баясч яваарай.

жич: Найрууллагагүй болчихлоо

2010-05-15

МСМ-нхны дотны найз


Миний бие энэхүү сонирхолтой ч юмшиг, сонин ч юмшиг түүхийн талаар та бүхэнд өгүүлэх гэж байгаадаа баяртай байна. Яг энэ агшинд өгүүлэх гэж буй энэ хөгжилтэй бяцхан өгүүлэгт минь оролцон, гол дүрийг бүтээлцсэн туранхай ч гэсэн хүчтэй, турьхан ч гэсэн үзэсгэлэнтэй дотны найзууддаа баярлалаа...
Намайг оюутан байхад манай ангийнхан 1, 1 найзтай байлаа. Тэр найзтайгаа хамт байхын тулд найзындаа, бүр тэр байтугай сургууль дээр ч хамаагүй хонодог байлаа. Бас болоогүй ээ түүнийгээ өмчилчиж, хоорондоо булаалдана гээч...
Одоо нөгөө хуучин найз маань төгсрөөд, толгойгоо аймаар цэнэглээд дээр нь өнгө ороод ёстой л, нөгөө хувцсаа өмсөөд сайхан болчихсон гэжугаа. Гэвч МСМ-нхэн түүнийг нээх тоохоо больчихсон байна лээ. Учир нь МСМ-нхэн найз залуу, найз охинтой болцгоочихсондоо л гол нь байгаа юм. МСМ-н багш нь ч тэр, оюутан нь ч тэр бүгд. Юун нөгөө найзындаа бөөнөөрөө хонох. Бүр тоохоо байсан гэж болно доо. МСМ-нхэн найзууддаа аймаар их хайртай. Дандаа хамт явна. Хичээлдээ ч тэр, ажилдаа ч тэр, гэртээ ч тэр, гадаа ч тэр. Заримдаа бүр өвөртөлж унтах нь холгүй юм болно гээч. Ер нь өдрийн 24 цагийн 24 цагт нь хамт байдаг гэж хэлж болно дөөө. Найзаасаа хором ч холдоггүйг хичээж, түр ч гэсэн явахаар бол хажуудах хүндээ сайтар гэгч нь захиж орхиод, яаран яаран гүйж одно. Хичээлээ хамтдаа давтана, зовлон, жаргалаа бүгдийг нь ярилцана. Бусдаас нуусан бүгдээ ганцхан түүндээ л хэлдэг. Найз нь ч гэсэн тэр итгэлийг нь алдаж байгаагүй гээд бодохоор тэд үнэхээр шилдэг найзууд болсон нь мэдээж.
За тэгээд МСМ-нхэн найзуудаа өөр өөрийнхөөрөө, тус тусдаа өвөрмөц сонин байдлаар хайрлаж өгнө дөө.
  • Найздаа даарчихна гээд хөөрхөн Snoopy-ны зурагтай гоёмсог хүрэм өмсгөөд л
  • Зарим нь найзыгаа даараад ханиад хүрчихнэ гээд ороолтоо зүүлгээд л
  • Нэг нь өөрөө ноосон утсаар юм нэхэж чадахгүй юм байж гоё зузаан цамц, оролт нэхэж өгнө гэж мөрөөдөөд л. Мөрөөдөл нь тун удахгүй биелэнэ байхаа
  • Зарим нэг нь ууж байгаа кофийгоо яг тэнцүү хувааж ууна. Бүр нэг ч дусал зөрүүлэхгүй гээл бодчих
  • Бас найзыгаа хагартал нь тас тэвэрч унтана...
  • Ганц хоёр нь хайраа илж, үнсэж илэрхийлнэ
  • Халууцахвий гээд дэвтрээрээ хүртэл сэвнэ
  • Өөртөө ч байхгүй гоё ганган зөөлөвч дэвснээ бас
  • За тэгээд зарим нь хайртайгаа зодож илэрхийлнэ гэж байгаа. Нүүрийг авах юмгүй болтол нь балбачихсан нэг нь байхад, дээр нь гарч дэвслээд орон гаран болгочихсон хүн ч байх юм.
Хайраа гэж хүн бүр янз янзаар л илэрхийлэх юмдаа. Заримдаа бүр Twitter, Yahoo зэрэг сайтуудаар найздаа хайртайгаа гайхаад олонд зар түгээх нь ч бий.
Заримдаа тэд найзуудаа хооронд нь холбох үүднээс танилцуулна, ярилцуулна. Мөн нэг нэгнийхээ найзыг хааяа түр зээлнэ.
МСМ-нхэн үнэхээр гоё хамт олон.
Гол дүрд:
  • МСМ 07 кодтой оюутнууд болон тэдний дотны найзууд
Бичсэн:
  • О.Мөнхзул
  • Э.Хэрлэн
  • Б.Хүслэн
Санааг гаргасан:
  • Э.Хэрлэн

2010-04-27

"Онлайн худалдаа" форум

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн хэрэглээний энэ чиг хандлагыг дэмжин, өөрийн ивээл дор “Онлайн худалдааны форум”-ыг нээлттэй зохион байллаа. Уг форум нь Монголын “Үндэсний Дата Төв”-д 2010 оны 04-р сарын 23-ны баасан гарагт амжилттай болж өндөрлөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж форумын нээлтэд явуулсан илгээлтдээ, “Цахим худалдааны хэлбэрээр зарж борлуулж болохгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж үгүй. Үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хувьд ийм арга ажиллагаа ашиг орлогоо өсгөх, хэрэглэгчдийнхээ тоог нэмэх, зардлаа багасгах, бүтээгдэхүүнээ экспортлож гадаад зах зээлд гаргах зэрэг олон давуу талыг олгодог. Худалдан авагчдын хувьд энэ нь хүссэн бараа үйлчилгээгээ хурдан шуурхай авах, дэлгүүр хоршоо хэсэх цаг, зардал гаргахгүй болох, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын талаар эргэж холбогдоход эрээд олдохгүй гэхгүй хамаагүй амар. Тэгэхээр ийм олон давуу тал, амар хялбар нөхцөлтэй онлайн худалдааг дотооддоо нэвтрүүлэх нь чухамдаа хөгжлийн шаардлага болж байна” гээд ямагт урагш тэмүүлж, шинэ шинэ боломжийг эрэлхийлж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриалсан юм.
Уг форумд төрийн болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл болох томоохон компаниуд оролцсон ба ШУТИС, КтМС-ийг төлөөлж Менежментийн профессорын багийн доктор, дэд профессор Цс.Ганбат, магистр О.Мөнхзул нар оролцож, Цс.Ганбат багш маань “Монгол хэрэглэгчид интернэтийг мэдээлэл олох, онлайн төлбөр хийх болон худлдлан авалт хийх суваг хэмээн хүлээ авч буй зан төлөв, хандалгыг тодорхойлох судалгааын” сэдэвт өөрийн судалгааны ажлын тайланг илтгэж сонирхууллаа.
“Онлайн худалдаа” –ны форум нь дараах салбар хуралдааныг хийж тус бүр зөвлөмж гаргасан болно.
  • Салбар хуралдаан А: Хууль, эрхзүй, зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, Онлайн төлбөр тооцооны хэрэгслийг хөгжүүлэх
  • Салбар хуралдаан Б: Цахим агуулга, цахим үйлчилгээ
  • Салбар хуралдаан В: Хүргэлт, шуудангийн үйлчилгээ, хаягжилт
О.Мөнхзул

2010-04-19

Монгол хэл



Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

2010-04-09

Эдийн засаг, менежментийн салбарын багш нарын эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр

09.00 - 09.10
Хурлын нээлт: Эдийн засаг, менежментийн салбарын эрхлэгч док.профессор Г.Батхүрэл үг хэлнэ

09.15 - 15.00 Илтгэл хэлэлцүүлнэ.
  1. "Шинэ зууны Монголын менежментийн философийн загвар боловсруулах аргазүйн зарим асуудал" Илтгэгч: Г.Батхүрэл /док.проф/
  2. "Менежментийн орчин үеийн чиг хандлага ба инноваци" Илтгэгч: Л.Оюунцэцэг /док.проф/
  3. "Эдийн засгийн онолын шинэ хандлагууд" Илтгэгч: Б.Баттүвшин /магисрт/
  4. "Экологийн менежмент ба эдийн засагт гарч буй бэрхшээлийг шийдвэрлэх арга зам" Илтгэгч: Л.Отгонцэцэг /док.дэд проф/
  5. "Зогсонги байдлаас урагшилах нь" Илтгэгч: Л.Батгэрэл /доктор/
  6. "Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн тулгамдсан зарим асуудал" Илтгэгч: Д.Ганболд /магистр/, Ц.Баярцог /магистр/
  7. "Үйл ажиллагааны бүрэн зардлыг тооцох, шинжлэх шинэ хандлага" Илтгэгч: Б.Энхтуяа /док.дэд проф/
  8. "Үнэт цаасны портфелийн эрсдлийн шинжилгээ" Илтгэгч: П.Дэлгэрмаа /магисрт/
  9. "Портфел оптимизацийн бодлогыг эволюци тооцооллын аргаар шийдэх нь" Илтгэгч: Л.Батаа /магистр/
  10. "Шуудан хүргэгчийн бодлого томилолтын бодлогын тухайн тохиолдол болох нь" Илтгэгч: П.Доржнаран /магистр/
  11. "Бизнесийн дампуурлын ... үр дагавар ..." Илтгэгч: А.Оюунгэрэл /магисрт/, Д.Ганболд /магистр/
  12. "Нийгмийн эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал" Илтгэгч: М.Оюунцэцэг /магистр/
  13. "Монголын нутгийн удирдлагыг шинэчлэх аргазүйн асуудал" Илтгэгч: Л.Лувсанжамц /магистр/
  14. "Барааг эрхэмлэх байдлыг үнэлэх аргазүйн асуудалд" Илтгэгч: Б.Нарангэрэл /док.дэд проф/
  15. "Электрон худалдаа эрхлэлтийн судалгаа" Илтгэгч: Цс.Ганбат /док.дэд проф/, О.Мөнхзул /магистр/
  16. "Хөдөлмөрийн хөлсний эрхзүйн зохицуулалтын хэрэгжилтийн шинжилгээ" Илтгэгч: Т.Нямдулам /магистр/, Ё.Мөнхтуяа /магистр/
  17. "Portfelio Pra tk шинжилгээ, үнэлгээний програмыг ашиглах нь" Илтгэгч: Д.Барсболд /магистр/
  18. "Лабораторийн сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх зарим асуудал" Илтгэгч: Б.Галсанбат /магистрант/
  19. "Мэргэжлийн түгээмэл үсэг, нэр томьёо, тодорхойлолт ба тэдгээрийг зөв хэрэглэх нь" Илтгэгч: Х.Пүрэвдагва /док.проф/, Д.Оюунчимэг /магистр/

2010-03-30

Р.Чойном

Орчлонд
Олон хүн мэндэлж,

Орчлонг
Олон хүн гэтэлж

Орлого зарлага хоёр шиг
Ургах мөхөх хоёр шиг

Амсхийхгүй
Алаглах юм даа!

Даанч гарзтай хүмүүс
Дараа дараагаараа явчих юм,

Огт хэрэггүй хүмүүс ч
Олон мянгаараа төрөх юм,

Үхэх ч яамай, төрөхийг л
Үр дүнтэй болгомоор юм.

1966 - VII - 21

2010-03-21

"Эрдмийн шувуу" эрдэм шинжилгээний VIII бага хурал амжилттай болж өнгөрлөө




Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль /КТМС/-ийн Менежментийн багийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагвын санаачилсан “Эрдмийн шувуу” шилжин явах цомын төлөө оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2001 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү арга хэмжээ нь цар хүрээ, ач холбогдолоороо Монгол улсын Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутан залуусын хувьд томоохонд тооцогддог.
Энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээ нь Байгууллагын эдийн засаг, менежментийн тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд боллоо. Оюутны эрдэм шинжилгээний бага хурал нь хоёр үе шаттай, хоёр салбар хуралдаантай зохион байгуулагдсан.
1-р шатны шалгаруулалт нь 2010 оны 3–р сарын 15-ны өдөр дүнгээ гаргасан. Уралдаанд 12 их дээд сургуулийн 90 оюутны, 50 багшийн удирдсан 56 илтгэл оролцсоноос 2-р шатны шалгаруулалтанд 10 илтгэлийг шалгарсан.
2-р шатны шалгаруулалт 2010 оны 3-р сарын 20-ны Бямба гаргийн 10.00 цагт КТМС-ийн хичээлийн 205 тоот танхимд зохион байгуулагдаж, 3 их дээд сургуулийн 24 оюутны, 13 багшийн удирдсан 10 илтгэл хэлэлцэгдлээ. Энэ шатанд МУИС-ийн Эдийн засгийн сургууль /МУИС-ийн ЭЗС/, Санхүү эдийн засгийн дээд сургууль /СЭЗДС/, ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуулийн оюутнуудын илтгэл шалгарч үлдсэн юм.

Тэргүүн байранд ШУТИС-ийн КТМС-ийн багш магистр О.Мөнхзулын удирдсан оюутан Г.Болорчимэг, Э.Уянга, Э.Жүгдэрнамжил, Д.Бямбажаргал нарын “Цахим компани бий болох үзэгдэл” сэдэвт илтгэл;

2-р байранд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Док/Ph.D/., проф Ц.Батсүх, багш магистр Д.Гансүлд нарын удирдсан оюутан П.Буянхишиг, Г.Байгалмаа, Б.Санжидмаа нарын “Эдийн засгийн өсөлт ба засгийн газрын хэмжээ” сэдэвт илтгэл; ШУТИС-ийн КТМС-ийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагвын удирдсан оюутан Э.Өнөрцэцэг, Э.Ганзориг нарын “Байгууллагын менежментийг шинэчлэх зарим асуудал” сэдэвт илтгэл;
3-р байранд МУИС-ийн ЭЗС-ийн тэргүүлэх профессор Док/Ph.D/., проф. А.Ганзоригийн удирдсан оюутан Г.Халиунаагийн “Хөрөнгийн зах зээлийн эрсдлийн шинжилгээ” сэдэвт илтгэл; МУИС-ийн ЭЗС-ийн тэргүүлэх профессор Док/Ph.D/., проф. А.Ганзоригийн удирдсан МУИС-ийн ЭЗС, СЭЗДС-ийн оюутан Ч. Тогтохцэрэн, Л.Энх-Амгалан, Г.Отгончимэг нарын хамтарсан “Хувьцаат компани болон салбаруудын хөрөнгө оруулалтанд нөлөөлөгч хүчин зүйслийн шинжилгээ” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
  • 1-р байр нэг “Эрдмийн шувуу” цом, диплом, 650000 төгрөг,
  • 2-р байр хоёр диплом тус бүр 150000 төгрөг, үнэ бүхий зүйл,
  • 3-р байр хоёр тус бүр диплом, 100000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Бусад 5 илтгэлүүд нь тусгай байрын шагнал болох өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.
Ерөнхий ивээн тэтгэгчээр “FSCo” ХХК, “Гурван тулга групп” ХХК, ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль ажилласан ба эдгээр байгууллагууддаа талархал илэрхийлье. Мөн тус арга хэмжээнд МУИС-ийн ЭЗС, СЭЗДС, ХААИС-ийн ЭЗБС, Сэрүүлэг дээд сургууль, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болох Компьютерийн техник, менежментийн сургууль, Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль, Мэдээлэл холбоо, технологийн сургууль, Механик инженерийн сургууль, Эрчим хүчний инженерийн сургууль, Хүнсний инженер биотехнологийн сургууль, Барилгын инженер, арихетиктурын сургууль, Уул уурхайн инженерийн сургуулиуд идэвхтэй оролцов.
Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг ШУТИС-ийн КТМС-ийн Менежментийн профессорын баг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шалгаруулах бүрэлдэхүүний комиссийн даргаар ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн багийн профессор Док/Ph.D/, проф Х.Пүрэвдагва, комиссийн дэд даргаар “FSCo” ХХК-ийн ерөнхий захирал, “Залуу судлаач” сангийн тэргүүн Д.Жаргалсайхан, комиссийн гишүүд ”Улаанбаатар хивс” ХК-ний Гүйцэтгэх захирал Док/Ph.D/, Д.Мөнхжаргал, ”Гурван тулга групп” ХХК-ний Захирал Б.Отгонзул, “Монголын ажил олгогч эздийн холбоо”-ны зөвлөх Док/Ph.D/, проф С.Баатар, Док/Ph.D/,проф Б.Цэрэндорж, нар байлаа. Комиссийн нарийн бичгийн даргаар ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн профессорын багийн багш Д.Ариунжаргал, комиссийн зохион байгуулагчаар ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн профессорын багийн багш Д.Оюунчимэг нар ажиллав.